Linux-Debian OS

Та бүхэний зарим нэг нь Unix Linux гэж сонсож байсан, зарим нэг нь хэрэглэж үзсэн, зарим нь ажил хэргээ энэ үйлдлийн систем дээр явуулдаг байх. Миний бие Linux хэмээх үйлдлийн системийг анх жилийн өмнө харж байсан. Тэр үед 2-р курст байхад манайд Unix Linux гэсэн нэртэй хичээл орж байсан болохоор л тэр. Linux нь Windows гэх мэт үйлдлийн системүүдтэй харьцуулахад илүү уян хатан, мэргэжлийн түвшний, ажиллагаа сайтай үйлдлийн систем гэж би боддог. Тэр тусмаа сервер талын ажиллагаанд маш сайн ажиллаж чаддаг. Би өөрийгөө Linux маш сайн мэддэг гэхгүй ч гэсэн ерөнхийдөө мэднэ гэж хэлж чадна. Өөрийн мэддэгийг та бүхэнтэй хуваалцъя.
Linux-ийн маш олон тархацууд байдаг бөгөөд тархац бүрийг дэлхийн өнцөг булан дахь мянга мянган кодерууд хөгжүүлж байдаг. Өөрөө хэлбэл Linux-ийг дэлхийн энд тэнд буй программистууд өөрийнхөө санаачлагаар алдааг нь засж, сайжруулж байдаг. Нийтлэг хэрэглэгддэг тархацуудыг (төрлүүдийг) нь нэрлэвэл: Ubuntu, Fedora, CentOS, Debian, RedHat, SuSe гэх мэт. Харин эдгээрийн Ubuntu нь Debian дээр суурилж гарч ирсэн, Fedora, SuSe, CentOS нь RedHat суурьтай системүүд юм. Энд дурьдагдаагүй маш олон тархацууд байдаг. Энэхүү үйлдлийн систем нь үнэгүй байдаг. Тус тусийнх нь серверүүдээс хувилбаруудыг нь татан авч үнэгүй ашиглаж болно гэсэн үг.
Миний хамгийн сайн мэдэх нь Debian, Ubuntu. Гэхдээ үзэж эхлээд дөнгөж 5 6 сар болж байгаа болохоор тун маруухан мэдлэгэтэй гэж ойлгож болно. Debian суурьтай тархац нь хамгийн сайнд тооцогддог гэж ойлгож болно. Гэхдээ бүх талаараа биш л дээ. Сайн тал байхад зарим тал дээр муу юм ч байгаа бөгөөд ерөнхийдөө сайн гэж ойлгож болно. Анхлан суралцагчиддаа зориулаад зарим нэг коммандуудыг доор бичлээ.

cd "folder" - тухайн фордерлуу нэвтрэх
pwd - өөрийн оршин буй фолдерын замыг харах
cp, mv "file/folder" "file2/folder2" - "file/folder"-ийг "file2/folder2" руу хуулах, зөөх
rm, rmdir "file/folder" - file/folder устгах
man "command" - command тухайн коммандын тухай Help
ls - тухайн фолдерийн агуулгыг харах
vi 'text file" - текс едитор
ps - процессуудын жагсаалт
df - санах ойн тухай мэдээлэл
chgrp, chown, chmod "file" - файлын группыг, эзэмшигчийг, зөвшөөрлийг өөрчлөх


Өнөөдөр урд нь цуглуулсан багахан мэдлэгээсээ та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. Өнөөдөр ч гэждээ өчигдрөөс хойш тэгэж бодсон юмаа. Бидний өдөр тутам хэрэглээнд улам нэвтэрсээр байгаа веб гэж юу вэ түүний хамгийн түгээмэл хэрэглэгддэг технолгийн талаар бижкээн мэдээлэл хүргэе. Зарим веб мастерууд үүнийг уншаад инээд нь хүрч магад. За дэмий юм нуршилгүй ойлгуулах гэсэн зүйлээ эхнээс нь товчхон товч өгүүлье.
Веб хуудсыг үзнэ гэдэг нь дэлхийн хаа нэгтээ байгаа компьютер(сервер) дээрх фолдер доторх мэдээллийг бид үзэж байгаа гэсэн үг юм. Харин тэр сервер нь бидний хүсэлтийн дагуу үйлдлүүдийг гүйцэтгэж тухай фолдер доторх файлуудыг тодорхой дүрмийн дагуу бидэнд үзүүлж байдаг. Ангилалын хувьд статик болон динамик гэсэн 2 янзын веб сайт байдаг. Статик ба динамик веб хуудасны ялгаа нь гэвэл динамик веб хуудас нь бидний гараас оруулсан мэдээллийн дагуу хувьсан өөрчлөгдөж, өгөгдөл боловсруулан, бидэнд боловсруулсан мэдээллээ харуулж байдаг. Харин статик веб нь хувьсан өөрчлөгдөхгүй энгийн байдалд буюу веб анх яаж хийгдсэн тэр хэвээрээ л байна (веб мастер мэдээллүүдээ өөрчлөхгүй л бол). Бидний хийдэг веб сайт-д бүртгүүлэх, нэвтрэн орох, хайлт хийх, чатлах гэх мэтийн үйлдлүүд нь динамик веб хуудсын жишээ юм. Иймээс дэлхийн веб хуудаснуудийн дийлэнх нь динамик байдаг.
Динамик веб хуудас бүтээдэг хамгийн түгээмэл дэлгэрсэн арга нь PHP хэл ашиглан веб хийх юм. Өөр олон янзын веб бүтээдэг хэл бий: JavaScript, ASP, CFML гэх мэт. Харин веб хуудсуудыг бидэнд үзүүлээд байгаа веб сервер маань бас олон янз байдаг юм байна: apache, IIS, tomcat гэх мэт. Динамик веб хуудас нь тодорхой нэг өгөгдлийн сан дотор өгөгдлөө хадгалан байдаг ба бидний хүсэлтийн дагуу тэр өгөдлөө өөрчилж, устгаж, хэрэглэгчдэд үзүүлж байдаг. Энэ өгөдлийн сангуудаас хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь MySQL. Ингээд хамгийн их дэлгэрсэн технологи болох PHP сервер, apache сервер, MySQL серверийн талаар сонирхуулья.
Веб сервер дээр PHP сервер мөн ажиллаж байдаг. Гол үүрэг нь PHP хэлээр бичигдсэн кодыг HTML хэлэнд хөрвүүлэн веб сервер лүү илгээж, мөн дээр ярьсан MySQL өгөдлийн сантай харьцан ажиллаж зохицуулж байдаг. Хэрэглэгчдэд PHP сорс код ердөөс харагдахгүй харин HTML байдлаар харагдаж байдаг. Дээр ярьсанаа жишээгээр тайлбарлъя. Хэрэглэгч веб броузер дээрээ ямар нэг веб хуудсын хаяг(URL) бичнэ. Тухайн хаяг дээр байрлах веб сервер хүсэлтийг хүлээж аваад PHP сервер лүү хүсэлт илгээнэ. Харин PHP сервер хэрэглэгчийн хүссэн хүсэлтийн дагуух мэдээллийг MySQL өгөгдлийн сантай хамтран ажиллаж боловсруулаад PHP хэлнээс HTML хэл рүү хөрвүүлэн веб сервер лүү буцаан илгээнэ. Харин веб сервер тухайн HTML хуудсыг хэрэглэгч рүү илгээдэг. Энэ маягаар үйлдэл давтагдан ажилладаг юм.
Зарим нэг зүйлийг ойлгомжгүй бичсэн байж магадгүй тул хүлцэл өчъе.

Аймаар өглөө..

Өнөөдөр өглөө их л эрт бослоо. Ундаа ч уулгүй гэрээсээ гараад ээжтэй цуг эмнэлэг явав. Учир нь ээжийн ажил эхлэхээс өмнө цуг эмнэлэг явж шинжилгээ өгөх ёстой байсан юм л даа. Багадаа шаралж байсан юм гэнэ лээ. Тийм болохоор элэг жаахан муу юм шиг байгаан. Эмнэлэг дээр очоод нэг өрөөнд ороол зүгээр нэг шинжилгээ өгөх юм байх гэсэн чинь.. гараа сандал дээр тавиад судсаа цамцаараа чанга боогоод боолгуулсан гараа чанга атга гэдэг байгаа. Эхлээд шприцээ нэг хийснээ, "өө ийм сайхан судастай хүү байж яасан ордгүү юм бэ" гэв. Тэгснээ сугалж аваад дахиад л хийв.. Ашгүй нэг юм судасаа олсон бололтой нөгөө гуурсаараа .... сороод л байв. Эхэндээ гайгүй байснаа сүүлдээ толгой эргээд, дотор муухайраад явчихав. Өглөө ямар нэг юм ууж гарч ирэхгүй яасан юм бэ тэгэхгүй бол ингээд сайн гарч өгдөггүй юмаа гэж эмч нь хэнэг ч үгүй хэлсэн гээч.. Тэгээд эмнэлгээс гарч ирээд яг ухаан алдах гээд үхэх шахсан боловч юм идсэний дараа арай л гайгүй болсон. Эвгүй юм байна лээ шүү. Бүх юм "Brightness" нь аймаар их болоод яг диваажинд ирчихсэн юм шиг санагдсан шүү. За за баахан зовлон тооччихлоо. Ямар ч байсан цусны шинжилгаанд явахаар бол сайн ус ууж юм идэж байгаад очоорой.

Хичээж л байна

Өнөөдөр зүгээр л өөрийнхөө тухай яримаар санагдаад. Урд нь 1, 2 курсд байхдаа дэмий юманд цаг их зардаг байж дээ. PC тоглох гэх мэтийн. Өнөөх messenger маань ч гэсэн хамаг цагийг маань авдаг л байсан байх. Найзуудтайгаа дэмий чалчиад л. Хааяа ч зүгээр шүү. За өнгөрснийг яривал ийм л байна.
Ойрын үеэс (энэ өвлийн амралтаас хойш гэхүүдээ) жаахан биеэ шахаж юм хийж завгүй байхаар шийдсэн л дээ. Веб талруугаа жаахан хазайсхийгээд хичээлээ ч бас хажуугаар хийж байгаа. Ойрын үед хичээл тараад л сургуулийнхаа 3 давхарт гарч юм хийгээд оройтоод 8 9 гэж харьж байгаа. Нээх сүрхий PHP энэ тэр сураагүй ч гэсэн ер нь бол вебийн талаар мэдлэг анхнийхийгаа бодвол гайгүй болоод байгаа шүү. Яваандаа PHP сурах бодолтой байгаа. Ямар ч зав гарахгүй юм. Тэгээд дотроо хүмүүс 2 сургуульд сураад, ажил хийгээд яваад байхад би одоо юундаа завгүй бас ядраад байгаан бол гээл өөртөө хэлдийн. хэхэ
Яг одоогоор Joomla (CMS) дээр ганц 2 юм оролдоод хийгээд бүтээх гээд л зүтгээд явж байна даа. 1 жилийн дараа сайн болсон байна байх. Одоо ч хааяа их мунгинана шүү. Анхандаа бол бүүр учраа олохгүй их сандардаг байсан шүү. Гэхдээ зааж зөвлөх хүн олон байсан болохоор бүх юм болоод л байдаг байсан одоо ч болж байгаа. За тэгээд PHP сурахын төлөө урагшаа..

Өнөөдөр өглөө яагаад ч юм эрт сэрлээ. Тэгтэл мэдээгээр оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил-2007 он гэж гарч байх юм. Олон ажилгүй оюутан төгсч байгааг төр засаг анхааралдаа авах гэнэ. Үүнийхээ дагуу оюутныг ажилд авах, өөрийн байгууллага дээр дадлага хийлгэх байгууллагуудыг дэмжих бололтой. Нээрээ ч төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байгаа хүн ховор байдаг. Зарим нь ч чанаргүй сургууль төгссөн эсвэл сайн сурч чадаагүйгээсээ болоод мэргэжлээрээ ажилдаггүй байх. Гэхдээ миний бодлоор гол шалтгаан нь ажлын байр хомс, нэг мэргэжил дээр хэтэрхий олон хүн овоорч байгаагаас болдог байх. Монголд эдийн засагч, хуульч мэргэжил илүүдэлтэй гэж ярьдаг шүү дээ. Гэхдээ дутагдалтай байгаа мэргэжил ч байгаа. Мэдээллийн технологийн инженер ажилтан (мэдээж мэргэжлээ сайн эзэмшсэн) Монголд хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ мэргэжлээр суралцах хүн улам олон болоосой гэж боджийна. Мэдээллийн технологийн хөгжлөөс Монгол улсын хөгжил эхлэнэ гэж би хаа нэгтээ хүний амнаас сонссон. Энэ миний бодлоор үнэн. Миний өчүүхэн бодлоор ийм л байна.
Би энэ зун дадлага хийх ёстой. 3 курсээ төгсөөд зун нь дадлага хийдэг уламжлал манай сургууль дээр тогтсон. Бусад сургуулийн оюутнууд арай эрт дадлагад гардаг. Дажгүй газар дадлаганд гараад тэндээ ажилтан нь болоод үлдэх л одоогоор миний зорилго болоод байна даа. Энэ жил "Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил" гэсэн уриатай болохоор над мэтийн жирийн оюутнууд дээр тусах үр дүн нь ямар байх нь вэ гэдгийг л харна даа..

Эхийн хайр

Хүн болгон ээждээ хайртай байдаг. Энд өөрийн дуртай нэг өгүүллэгийг тавилаа:
Эхийн хайр
“Би хүүхдээ харж болох уу” гэж дөнгөж нярайлсан эх асуулаа. Түүнд өлгийтэй хүүхдийг өгөхөд баярлаж хөөрсөн эх сайтар харахын тулд өлгийг нь задлаад цочирдсондоо юу гэж хэлэхээ ч мэдсэнгүй. Эх үрийг харж байсан эмч нүүр буруулан, цонхоор харан зогслоо. Хүүхдийн чих байхгүй байлаа…
Хүүхдэд үзлэг хийхэд сонсох чадвар нь хэвийн, харин харагдах эрхтэн байхгүй гэж оношилжээ. Түүнээс хойш он жил урссаар хүү нь том болж сургуульд оров. Нэгэн өдөр сургуулиасаа хар хурдаараа гүйж ирээд ээждээ наалдан гомдолтой нь аргагүй уйлж байлаа…Энэ бол амьдралдаа анх удаа урам хугарсан хэрэг бөгөөд “Нэг том хүүхэд намайг эрэмдэг” гэсэн гэх нь тэр…
Хүү ийм доромжлолыг амссаар өсчээ. Хэдийгээр найз нөхөд нь хайртай, сурлага сайтай байсан ч тэдэнтэй нийлдэггүй байв. Түүнд ээж нь цаг үргэлж “Бусадтай нөхөрлө” гэх боловч өрөвдөн хайрласан байдал илт илэрдэг байлаа. Залуу хүүгийн аав эмчтэй уулзан “Одоо ямар ч арга байхгүй юу” гэж асуухад нь “Хос чих олдвол шилжүүлэн суулгаж болно” гэжээ. Тиймээс хүүгийнх нь төлөө хоёр чихээ өгөх хүнийг эрж хайж эхлэв. Хоёр жил өнгөрсний хойно нэгэн өдөр аав нь “Хүү минь чамд чихээ өгөх хүнийг аав ээж хоёр нь оллоо. Харин хэн чихээ өгснийг бүү асуу” гэж хэллээ.
Мэс засал маш амжилттай болов. Шинэ төрхтэй болсон залуу хүү нийгмийн амьдралд идэвхтэй болж амжилтанд хүрчээ. Тун удалгүй гэрлэж, гадаад харилцааны ажилтан болсон байна. Олон жил өнгөрсний хойно хүү аав дээрээ очоод “Надад ийм их тус болсон хүнийг хэлж өгөөч. Би өдий хүртэл тэр хүний төлөө юу ч хийсэнгүй…” гэж гуйв. “Чи тэр хүний төлөө юу ч хийж чадахгүй. Одоохондоо чамд хэлэхгүй” гэж аав нь хариуллаа.
Энэ нууцыг олон жилийн турш тайлж чадсангүй. Гэтэл хүүгийн амьдралд гунигт явдал тохиолдов... Ээжийнхээ шарилын дэргэд аавынхаа хамт зогсож байв. Аав нь гараа аажмаар явуулан ээжийнх нь хүрэн улаан үсийг ярахад түүний хоёр чих байсангүй. “Ээж нь үсээ тайруулах шаардлагагүй болсон учраас баяртай байсан юм. Тэгээд ч түүнийг муухай гэж хэн ч хэлээгүй, тийм биз дээ?” гэж аяархан шивнэлээ.
Хүний амьдралд гоо үзэсгэлэн гэдэг гаднах төрх байдалд биш, харин дотоод зүрх сэтгэлд байдаг юм.

Adsense

Би саяхан www.phpmn.org дээрх Хүүжийгийн блогоос google-adsense хөтөлбөрийн-ийн талаар уншсан юм. Урд өмнө нь маш олон сайт дээр харж байсан энэ зүйлийг юу болохыг нь мэддэггүй байлаа. Хэрэв таны сайтруу олон хүн ханддаг бол энэ нь өөрийн веб хуудсаа санхүүжүүлэх хангалттай эх үүсвэр болдог бололтой. Тэгээд энэ талаар одоохондоо дөнгөж сонирхож эхэлж байна. Жишээ нь би энэ реклам(google adsense)-ыг өөрийн сайт дээр тавиад (тодорхой дүрэм журамтай гэрээ байгуулсаны дараа), орж ирсэн зочин үүн дээр click хийх болгонд миний дансанд тодорхой хэмжээний мөнгө цуглардаг гэсэн үг. Дашрамд хэлэхэд миний бие веб-ийн талаар мэдлэг хомс. Харин дөнгөж суралцаж яваа нэгэн. Цаашдаа улам ихийг сурахыг эрмэлзэж байна :)

Урд өмнө нь блогийн талаар олон хүнээс сонсож байсан. Ер нь блог гэж юу болох талаар багахан ойлголттой байсан тул блогтой болохоор шийдэв. Их хэрэгтэй гэж хэн нэгнээс сонссон. Ингээд миний блог-т тавтай морил.