/Өдрийн сониноос.../
Тэднийх хотод өвөлжөөд хавар цээл рүү буцан хэдэн малаа бараадаж бууна гэв

Канадын нэгэн залуу гэр бүл тайван амьдралыг эрэн Монголд иржээ. Энэ өрхийн тэргүүлэгчтэй өчигдөр уулза­хаар цаг тохиров. Үдийн цай­гаа уунгаа надтай уулзахаар болсон гэнэ. Учир нь түүний ажил төлөвлөсөн цагийн ху­ваа­рийн дагуу явдаг учраас нэг ч минутыг хий дэмий өнгөрөөдөггүй бололтой. Тэ­рээр "цуйван идмээр байна" гээд л хэд хэдэн гуанзанд ороод гарав. Гэвч түүний хүссэн хоол байсангүй. Ингээд нэгэн цайны газар орж сууцгаан яриагаа эхэлсэн юм. Бүтэн нэр овгоо хэлэхийг тэр зөвшөөрөөгүй. Сонинд бичүүлэхээс бүр ч татгалз­сан. Овог нэрээ бүтэн би­чүүл­чихвэл Канадын сэт­гүүлчид танай сониноос олж уншчихаад холбоо барихаар ирж магадгүй гэж болгоом­жилж байв. Тэрээр өөрийгөө Фрэд хэмээн олонд танил­цуулахыг хүсч байлаа. Фрэ­дийг наашаа ирэхээс өмнө Канадын сэтгүүлчид түүнээс Монголд амьдрах болсон шалт­гааныг нь тодруулахаар хөөцөлддөг байж.
Гэвч тэдний хэнийх нь ч асуултад хариулт өгөөгүй ирснээ тэр хэлсэн. Сэтгүүлчид яагаад түүнээс ярилцлага авахаар тэгтлээ хөөцөлдсөн шалтгааныг тод­руулахад "Монголын ир­гэн болохоор бүтэн гурван жи­лийн турш явсан болохоор л тэр байх" гэсэн энгийн ха­риулт өглөө. Фрэд Канадад нэлээд ирээдүйтэй, нэр хүн­дэд хүрэх бололцоотой ажил хийж байснаа нуусангүй. Компьютерын тоглоом үйлд­вэрлэдэг томоохон компа­нийн техникийн хэлтсийн дарга байж. Тиймээс юугаар ч дуталгүй хангалуун сайхан амьдарч байсан гэнэ. Орон сууц, автомашин гээд хүний амьдралын хэрэгцээтэй бүх­нийг түүний гэр бүл авчээ. Гэвч эд хөрөнгө, тансаг амьд­рал бүрдсэн эдний гэр бүлд нэгэн зүйл дутагдаж байгааг мэдэрсэн ч чухам юу үгүй­лэгдээд байгааг ололгүй хэ­сэг хугацааг өнгөрөөсөн бай­на. Фрэд томоохон албан ту­шаал эрхэлдэг. Ха­рам­салтай нь, гэртээ, эхнэр, хүүхдэдээ тавих анхаарал халамж нь суларчээ. Ингэс­нээр гэр бү­лийн халуун ду­лаан уур амьс­гал үгүй болох хандлагатай болсон аж. Тэ­рээр амралтын өдөр хүүх­дүүдээ дагуулан кино үзэж, тэднийг амттанаар хуурна. Энэ нь хүүхдүүдийг бодит амьдралд хүмүүжүүлэх арга биш гэдгийг ухаарчээ. Харин Монголд амьдрах сана­лыг түүний эхнэр санаа­чилсан байна. Ингээд 2005 оноос эхлэн Монгол орны талаар мэдээлэл цуглуулж жилийн дараа манайд зочилж амьд­рал ахуйтай танилцсан байна. Тал нутагт аялах мө­рөөдөл­дөө хөтлөгдөн ирдэг жуул­чидтай тэр өөрийгөө зүйрлэх дургүй. Сэтгэл хөд­лөлдөө автан гэнэт гаргасан шийд­вэрээ дагаад ирчихсэн ч юм биш гэнэ. Удаан хуга­цаанд нухацтай бодсоны эцэст эрсдлээ тооцоолоод нүүгээд ирж. Жинхэнэ амьд­ралын амтыг мэдэрч, эр хүн шиг хөдөлмөрлөж гэр бүлээ тэжээхээр бодож. Бүр малчин болохоор хатуу шийдсэн аж. Монголд амьдрахад эхэндээ хэцүү байхыг тэд урьдчилан таамаглаж байсан гэх. Тийм­дээ ч хүүхдүүддээ энэ бүх­нийг урьдаас тайлбарлан ойлгуулсан гэнэ. Өнгөрсөн зургадугаар сард эднийх Мон­голд нүүж иржээ. Фрэд нутаг­таа ажиллаж байхдаа хэзээ ч мөнгө хуримтлуулж байгаа­гүй. Харин наашаа нүүдэллэ­хэд шаардлагатай мөнгө төг­рөгөө базаахаар тэр эх орон­доо гурван жил уйгагүй ажил­ла­сан байна. Энд ирэнгүүтээ л Төв аймгийн Цээл суманд очжээ.Тус суманд түүний таньдаг хүн байсан аж. Энэ сум нийслэлээс баруун хойш 190 гаруй км зайтай. Хууч­наар "Залуучууд" сангийн аж ахуй гэдэг байсныг уншигчид санаж бай­гаа байх. Газар тариалангийн бүс нутаг бай­сан энэ сумын төвийн архан талд "Бурхантай нуур" гэдэг газарт зуссан юм байна. Тэгээд 200 гаруй хонь, ямаа, хоёр үхэр, 10 гаруй адуу худалдан авч л дээ. Малаа худалдаж авахаар хөдөөгийн айлуудаар ирсэн даруйдаа хэсэгтээ л явсан гэдэг. Бо­лоогүй ээ, авсан малынхаа тоог чамлана. Нутагтаа цуг­луулсан мөнгөөрөө ийм л тооны мал худалдан авах боломжтой байсан гэнэ лээ. Тав, зургаан зуун малтай сүрхий малчдыг танина. Тэ­дэн­тэй адил малаа өсгөнө гэдэгтээ итгэл дүүрэн бай­гаагаа ч нуусангүй. Фрэд малтай болчихоод хөдөө гэрээ бариад төвхнөжээ. Ингээд малчин болох нь тэр. Дараа нь гэрээ тавилгажуу­лахаар эхнэр, нөхөр хоёр хотын "зах"-аар орчуулагчаа дагуулаад баахан явж. Ор­чуулагч нь тэдэнд "Хөдөө гэрэл цахилгаангүй тул мото­роор гэрэл гаргаж болохыг санал болгож. Гэтэд Фрэд эхнэртэйгээ "Тэрүүгээр яах юм. Бид ямар ном уншиж, гэгээрэх гэж байгаа биш. Лаа байхад л хангалттай" гэжээ. Тэдний гэрт орчин үеийн гэх тансаг тавилга огтхон ч байх­гүй. Хөдөөгийн малчин айл ямар байдаг билээ. Түүнтэй л адил гэнэ. Тэдний гэр бүл малчин бо­лохоор шуурхайл­жээ. Зуны гурван сар Фрэд малаа мал­лаж, тулгар биетэй эхнэр нь цагаан идээгээ бо­ловс­руулж сурсан байна. Харин гэрийн эзэн малын амь тасалж ха­раа­хан чадахгүй. Гэхдээ төхөөрөхийг сурч байгаагаа хэлж байв. Намрын сэрүүн орж Фрэдийн эхнэр төрөх дөхжээ. Тиймээс хэдэн ма­лаа айлд үлдээгээд хотын зүг хөдөлцгөөсөн байна. Түү­ний эхнэр Эх нялхаст нярайл­жээ. Фрэдийнх ингээд гурван хүүхэдтэй болсон байна. Нялх нойтон хүүхэд­тэй учраас эднийх энэ өвөл хотод хөлсний байранд өвөл­жихөөр шийдээд байгаа аж. Харин ирэх жилээс хотод амьд­рахгүй. Хавар хэдэн малаа бараадаж тууштай өсгөх гэнэ. Фрэдийн том охин 10 настай. Хүмүүсийн нэрлэд­гээр дө­рөв­дүгээр хороололд байр­ладаг Улаанбаатар хо­тын жирийн нэгэн дунд сур­гуульд явдаг. Одоогоор мон­гол хэлээ сайжруулах зорил­гоор монгол сургуульд явж байгаа. Харин ерөнхий эрд­мийн хичээлээ Канадаас шуудангаар авч­руулж сурдаг. Энэ канад гэр бүл Монголд он удаан жил амьдарсны дараа хууль ёсны иргэд болох хү­сэл­тэй. Одоо­гоор манайд оршин суух эр­хээ эдэлж байгаа. Нярайлсан эхнэр нь Канадынхаа нийг­мийн ха­ламжид хамрагдах эрхтэй ч чухам ямар шуга­маар хөө­цөл­дөж авахаа мэ­дэх­гүй байгаа гэнэ. Гэхдээ эдэнд мөнгө сонин биш. Хоо­сон байгаагаас шинээр эхэл­сэн амьдрал амттай гэж бод­дог аж. Фрэд монголчууд улам америкжиж, ёс заншлаа хад­галж чадалгүй алдаж бай­гаад харамсч явдаг нэгэн. "Хот, хөдөөгийн ялгаа их юм. Гэвч үнэн хэрэгтээ хөдөөгийн хүмүүс монгол хүнээрээ үлдсэн. Тэнд амьдарч мал малласнаар гэр бүлтэйгээ хамтдаа хөдөлмөрлөж зов­сон ч, жаргасан ч цуг байдаг тэр жаргалыг мэдэрч байна. Үүндээ сэтгэл хангалуун амьдарч чадна гэдэгтээ ит­гэл­тэй байгаа. Монголын залуус гадаад руу явах их аянд хөтлөгджээ. Гэхдээ гадны орны хөгжлийн турш­лага, хүмүүсийн мэдлэг, чад­вараас нь суралцаад эх орон­доо ирж хэрэгжүүлээрэй" гэдгийг тэрээр дахин дахин хэлж байв. Тэр Канадад амь­дарч байгаа ах, дүүтэйгээ байнгын холбоотой. Магадгүй эдний гэр бүлийн гишүүдийг Монгол Улс өөрийн иргэнээ гээд хүлээн зөвшөөрсөн тэр цагт Фрэд Канадад байгаа ахан дүүстэйгээ уулзах шалт­гаанаар явах гэнэ. Түүнээс өөр шалтгаанаар тийш явах сонирхол байхгүй. Харин эхнэр нь ойрмогхон эх нутаг руугаа хариад ирж магадгүй юм байна. Тэнд байгаа төрөл төрөгсөдтэйгээ уулзахаар явахыг нөхөр нь хориг­лохгүй гэж байв. "Ер нь Канад, Мон­гол хоёрын хооронд олон удаа ирж очих мөнгө төгрөг хомс. Бид баян хүмүүс биш. Шинэ амьдралыг цогцлоохоор зүтгэж яваа залуу гэр бүл гэдгээ санах хэрэгтэй" хэ­мээн ярих аж. Тэр одоо хотод "Хүрээ" дээд сургуульд компью­терын видео тоглоом зохиох программын хичээл зааж байгаа. Энд авч байгаа цалин нь Канадад авч байсан цалингаас 5,6 дахин бага. Гэсэн ч зөв газраа хөдөл­мөрийн хүчээ зөв зарцуулж байгаадаа туйлаас баяртай байгаа гэсэн. Байртай, ма­шинтай, хангалуун амьдрал эцэстээ хүн төрөлхтний хүсч мөрөөдсөн зүйл биш гэдгийг Фрэд ойлгожээ. Тэр хар бага наснаасаа ханга­луун амьд­ралд өссөн. Өөрийн хүчээр тийм амьд­ралыг босгосон. "Тансаг амь­дарч үзсэн л бол болоо. Хэдэн мал, монгол гэр худалдаж авах мөнгөтэй. Би Монголд өөр юу ч үгүй хов хоосон ирсэн. Гэхдээ би өөрийн хөдөлмөрөөр гэр бүлтэйгээ сайхан амьдарч чадна. Миний хүүхдүүд жин­хэнэ амьд­ралын амтыг мэ­дэрч өсөөсэй. Би хүүхдүүдээ заавал дээд боловсрол эзэм­шихийг шаар­дахгүй. Мөн тэднийгээ монгол хүнтэй гэрлэвэл баярлах болно" хэмээн ярьж сууна. Тэрээр 34 настай. Гурван хүүхдийн эцэг. Хөдөө малтай, хотод ажилтай канад эр. Нэ­гэнт амьдрахаар сонгосон орны­хоо төрөлх хэлийг сура­хыг туйлаас эрмэлзэж яваа нэ­гэн. Байнга орчуулаг да­гуулан явахгүйг ч хичээж байгаа гэсэн. Тэр бас удахгүй биз­несийн зээл олгох үйл ажил­лагаа эрхэлдэг нэгэн компа­нитай болохоор төлөвлөжээ.