/Өдрийн сониноос.../
Тэднийх хотод өвөлжөөд хавар цээл рүү буцан хэдэн малаа бараадаж бууна гэв
Канадын нэгэн залуу гэр бүл тайван амьдралыг эрэн Монголд иржээ. Энэ өрхийн тэргүүлэгчтэй өчигдөр уулзахаар цаг тохиров. Үдийн цайгаа уунгаа надтай уулзахаар болсон гэнэ. Учир нь түүний ажил төлөвлөсөн цагийн хуваарийн дагуу явдаг учраас нэг ч минутыг хий дэмий өнгөрөөдөггүй бололтой. Тэрээр "цуйван идмээр байна" гээд л хэд хэдэн гуанзанд ороод гарав. Гэвч түүний хүссэн хоол байсангүй. Ингээд нэгэн цайны газар орж сууцгаан яриагаа эхэлсэн юм. Бүтэн нэр овгоо хэлэхийг тэр зөвшөөрөөгүй. Сонинд бичүүлэхээс бүр ч татгалзсан. Овог нэрээ бүтэн бичүүлчихвэл Канадын сэтгүүлчид танай сониноос олж уншчихаад холбоо барихаар ирж магадгүй гэж болгоомжилж байв. Тэрээр өөрийгөө Фрэд хэмээн олонд танилцуулахыг хүсч байлаа. Фрэдийг наашаа ирэхээс өмнө Канадын сэтгүүлчид түүнээс Монголд амьдрах болсон шалтгааныг нь тодруулахаар хөөцөлддөг байж.
Гэвч тэдний хэнийх нь ч асуултад хариулт өгөөгүй ирснээ тэр хэлсэн. Сэтгүүлчид яагаад түүнээс ярилцлага авахаар тэгтлээ хөөцөлдсөн шалтгааныг тодруулахад "Монголын иргэн болохоор бүтэн гурван жилийн турш явсан болохоор л тэр байх" гэсэн энгийн хариулт өглөө. Фрэд Канадад нэлээд ирээдүйтэй, нэр хүндэд хүрэх бололцоотой ажил хийж байснаа нуусангүй. Компьютерын тоглоом үйлдвэрлэдэг томоохон компанийн техникийн хэлтсийн дарга байж. Тиймээс юугаар ч дуталгүй хангалуун сайхан амьдарч байсан гэнэ. Орон сууц, автомашин гээд хүний амьдралын хэрэгцээтэй бүхнийг түүний гэр бүл авчээ. Гэвч эд хөрөнгө, тансаг амьдрал бүрдсэн эдний гэр бүлд нэгэн зүйл дутагдаж байгааг мэдэрсэн ч чухам юу үгүйлэгдээд байгааг ололгүй хэсэг хугацааг өнгөрөөсөн байна. Фрэд томоохон албан тушаал эрхэлдэг. Харамсалтай нь, гэртээ, эхнэр, хүүхдэдээ тавих анхаарал халамж нь суларчээ. Ингэснээр гэр бүлийн халуун дулаан уур амьсгал үгүй болох хандлагатай болсон аж. Тэрээр амралтын өдөр хүүхдүүдээ дагуулан кино үзэж, тэднийг амттанаар хуурна. Энэ нь хүүхдүүдийг бодит амьдралд хүмүүжүүлэх арга биш гэдгийг ухаарчээ. Харин Монголд амьдрах саналыг түүний эхнэр санаачилсан байна. Ингээд 2005 оноос эхлэн Монгол орны талаар мэдээлэл цуглуулж жилийн дараа манайд зочилж амьдрал ахуйтай танилцсан байна. Тал нутагт аялах мөрөөдөлдөө хөтлөгдөн ирдэг жуулчидтай тэр өөрийгөө зүйрлэх дургүй. Сэтгэл хөдлөлдөө автан гэнэт гаргасан шийдвэрээ дагаад ирчихсэн ч юм биш гэнэ. Удаан хугацаанд нухацтай бодсоны эцэст эрсдлээ тооцоолоод нүүгээд ирж. Жинхэнэ амьдралын амтыг мэдэрч, эр хүн шиг хөдөлмөрлөж гэр бүлээ тэжээхээр бодож. Бүр малчин болохоор хатуу шийдсэн аж. Монголд амьдрахад эхэндээ хэцүү байхыг тэд урьдчилан таамаглаж байсан гэх. Тиймдээ ч хүүхдүүддээ энэ бүхнийг урьдаас тайлбарлан ойлгуулсан гэнэ. Өнгөрсөн зургадугаар сард эднийх Монголд нүүж иржээ. Фрэд нутагтаа ажиллаж байхдаа хэзээ ч мөнгө хуримтлуулж байгаагүй. Харин наашаа нүүдэллэхэд шаардлагатай мөнгө төгрөгөө базаахаар тэр эх орондоо гурван жил уйгагүй ажилласан байна. Энд ирэнгүүтээ л Төв аймгийн Цээл суманд очжээ.Тус суманд түүний таньдаг хүн байсан аж. Энэ сум нийслэлээс баруун хойш 190 гаруй км зайтай. Хуучнаар "Залуучууд" сангийн аж ахуй гэдэг байсныг уншигчид санаж байгаа байх. Газар тариалангийн бүс нутаг байсан энэ сумын төвийн архан талд "Бурхантай нуур" гэдэг газарт зуссан юм байна. Тэгээд 200 гаруй хонь, ямаа, хоёр үхэр, 10 гаруй адуу худалдан авч л дээ. Малаа худалдаж авахаар хөдөөгийн айлуудаар ирсэн даруйдаа хэсэгтээ л явсан гэдэг. Болоогүй ээ, авсан малынхаа тоог чамлана. Нутагтаа цуглуулсан мөнгөөрөө ийм л тооны мал худалдан авах боломжтой байсан гэнэ лээ. Тав, зургаан зуун малтай сүрхий малчдыг танина. Тэдэнтэй адил малаа өсгөнө гэдэгтээ итгэл дүүрэн байгаагаа ч нуусангүй. Фрэд малтай болчихоод хөдөө гэрээ бариад төвхнөжээ. Ингээд малчин болох нь тэр. Дараа нь гэрээ тавилгажуулахаар эхнэр, нөхөр хоёр хотын "зах"-аар орчуулагчаа дагуулаад баахан явж. Орчуулагч нь тэдэнд "Хөдөө гэрэл цахилгаангүй тул мотороор гэрэл гаргаж болохыг санал болгож. Гэтэд Фрэд эхнэртэйгээ "Тэрүүгээр яах юм. Бид ямар ном уншиж, гэгээрэх гэж байгаа биш. Лаа байхад л хангалттай" гэжээ. Тэдний гэрт орчин үеийн гэх тансаг тавилга огтхон ч байхгүй. Хөдөөгийн малчин айл ямар байдаг билээ. Түүнтэй л адил гэнэ. Тэдний гэр бүл малчин болохоор шуурхайлжээ. Зуны гурван сар Фрэд малаа маллаж, тулгар биетэй эхнэр нь цагаан идээгээ боловсруулж сурсан байна. Харин гэрийн эзэн малын амь тасалж хараахан чадахгүй. Гэхдээ төхөөрөхийг сурч байгаагаа хэлж байв. Намрын сэрүүн орж Фрэдийн эхнэр төрөх дөхжээ. Тиймээс хэдэн малаа айлд үлдээгээд хотын зүг хөдөлцгөөсөн байна. Түүний эхнэр Эх нялхаст нярайлжээ. Фрэдийнх ингээд гурван хүүхэдтэй болсон байна. Нялх нойтон хүүхэдтэй учраас эднийх энэ өвөл хотод хөлсний байранд өвөлжихөөр шийдээд байгаа аж. Харин ирэх жилээс хотод амьдрахгүй. Хавар хэдэн малаа бараадаж тууштай өсгөх гэнэ. Фрэдийн том охин 10 настай. Хүмүүсийн нэрлэдгээр дөрөвдүгээр хороололд байрладаг Улаанбаатар хотын жирийн нэгэн дунд сургуульд явдаг. Одоогоор монгол хэлээ сайжруулах зорилгоор монгол сургуульд явж байгаа. Харин ерөнхий эрдмийн хичээлээ Канадаас шуудангаар авчруулж сурдаг. Энэ канад гэр бүл Монголд он удаан жил амьдарсны дараа хууль ёсны иргэд болох хүсэлтэй. Одоогоор манайд оршин суух эрхээ эдэлж байгаа. Нярайлсан эхнэр нь Канадынхаа нийгмийн халамжид хамрагдах эрхтэй ч чухам ямар шугамаар хөөцөлдөж авахаа мэдэхгүй байгаа гэнэ. Гэхдээ эдэнд мөнгө сонин биш. Хоосон байгаагаас шинээр эхэлсэн амьдрал амттай гэж боддог аж. Фрэд монголчууд улам америкжиж, ёс заншлаа хадгалж чадалгүй алдаж байгаад харамсч явдаг нэгэн. "Хот, хөдөөгийн ялгаа их юм. Гэвч үнэн хэрэгтээ хөдөөгийн хүмүүс монгол хүнээрээ үлдсэн. Тэнд амьдарч мал малласнаар гэр бүлтэйгээ хамтдаа хөдөлмөрлөж зовсон ч, жаргасан ч цуг байдаг тэр жаргалыг мэдэрч байна. Үүндээ сэтгэл хангалуун амьдарч чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Монголын залуус гадаад руу явах их аянд хөтлөгджээ. Гэхдээ гадны орны хөгжлийн туршлага, хүмүүсийн мэдлэг, чадвараас нь суралцаад эх орондоо ирж хэрэгжүүлээрэй" гэдгийг тэрээр дахин дахин хэлж байв. Тэр Канадад амьдарч байгаа ах, дүүтэйгээ байнгын холбоотой. Магадгүй эдний гэр бүлийн гишүүдийг Монгол Улс өөрийн иргэнээ гээд хүлээн зөвшөөрсөн тэр цагт Фрэд Канадад байгаа ахан дүүстэйгээ уулзах шалтгаанаар явах гэнэ. Түүнээс өөр шалтгаанаар тийш явах сонирхол байхгүй. Харин эхнэр нь ойрмогхон эх нутаг руугаа хариад ирж магадгүй юм байна. Тэнд байгаа төрөл төрөгсөдтэйгээ уулзахаар явахыг нөхөр нь хориглохгүй гэж байв. "Ер нь Канад, Монгол хоёрын хооронд олон удаа ирж очих мөнгө төгрөг хомс. Бид баян хүмүүс биш. Шинэ амьдралыг цогцлоохоор зүтгэж яваа залуу гэр бүл гэдгээ санах хэрэгтэй" хэмээн ярих аж. Тэр одоо хотод "Хүрээ" дээд сургуульд компьютерын видео тоглоом зохиох программын хичээл зааж байгаа. Энд авч байгаа цалин нь Канадад авч байсан цалингаас 5,6 дахин бага. Гэсэн ч зөв газраа хөдөлмөрийн хүчээ зөв зарцуулж байгаадаа туйлаас баяртай байгаа гэсэн. Байртай, машинтай, хангалуун амьдрал эцэстээ хүн төрөлхтний хүсч мөрөөдсөн зүйл биш гэдгийг Фрэд ойлгожээ. Тэр хар бага наснаасаа хангалуун амьдралд өссөн. Өөрийн хүчээр тийм амьдралыг босгосон. "Тансаг амьдарч үзсэн л бол болоо. Хэдэн мал, монгол гэр худалдаж авах мөнгөтэй. Би Монголд өөр юу ч үгүй хов хоосон ирсэн. Гэхдээ би өөрийн хөдөлмөрөөр гэр бүлтэйгээ сайхан амьдарч чадна. Миний хүүхдүүд жинхэнэ амьдралын амтыг мэдэрч өсөөсэй. Би хүүхдүүдээ заавал дээд боловсрол эзэмшихийг шаардахгүй. Мөн тэднийгээ монгол хүнтэй гэрлэвэл баярлах болно" хэмээн ярьж сууна. Тэрээр 34 настай. Гурван хүүхдийн эцэг. Хөдөө малтай, хотод ажилтай канад эр. Нэгэнт амьдрахаар сонгосон орныхоо төрөлх хэлийг сурахыг туйлаас эрмэлзэж яваа нэгэн. Байнга орчуулаг дагуулан явахгүйг ч хичээж байгаа гэсэн. Тэр бас удахгүй бизнесийн зээл олгох үйл ажиллагаа эрхэлдэг нэгэн компанитай болохоор төлөвлөжээ.
Subscribe to:
Posts (Atom)